ГАЛТ ЗЭВСГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Галт зэвсгийн албан татвар төлөгч
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа дараах этгээд албан татвар төлнө:
1.1.1.Монгол Улсын иргэн;
1.1.2.өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд.
2 дугаар зүйл. Албан татвар ногдуулах галт зэвсэг
2.1.Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна.
3 дугаар зүйл. Албан татварын хэмжээ
3.1.Галт зэвсэг эзэмшигчид жил бүр доор дурдсан хэмжээний албан татвар ногдуулна:
№ | Галт зэвсгийн төрөл | Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
1 | Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг | 15 000 |
2 | Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг
· 6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг · 6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг · үрлэн сумтай галт зэвсэг |
30 000 60 000 30 000 |
4 дүгээр зүйл. Албан татвараас чөлөөлөх
4.1.Дараах галт зэвсгийг албан татвараас чөлөөлнө:
4.1.1.музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;
4.1.2.байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг.
5 дугаар зүйл. Албан татвар төлөгчийн үүрэг
5.1.Албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:
5.1.1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;
5.1.2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;
5.1.3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.
6 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үүрэг
6.1.Цагдаагийн байгууллага галт зэвсгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд гаргаж өгнө.
7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа
7.1.Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.
8 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
8.1.Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.